Санхүүгийн үйлчилгээнд хиймэл оюун хэрэглэх тренд хүчээ авахын хэрээр хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Саяхан өр барагдуулах үйл ажиллагаа явуулдаг компанийн AI системийн хамгаалалтгүй сервэрээс олон сая хүний эмзэг мэдээлэл болон утасны ярианы бичлэг задарсан ноцтой хэрэг гарчээ.
Нууц үггүй орхисон үүлэн сан
Кибер аюулгүй байдлын шинжээчдийн тогтоосноор өр барагдуулах чиглэлээр ажилладаг AI платформын мэдээллийн сан ямар ч баталгаажуулалт, нууц үггүйгээр олон нийтийн сүлжээнд нээлттэй байсан байна. Үүний үр дүнд 6.6 сая иргэний овог нэр, холбоо барих мэдээлэл, өрийн үлдэгдэл зэрэг маш нууц мэдээллүүд задарчээ.
Агентын ярьсан 315 мянган бичлэг
Уг сангаас хиймэл оюунт агент болон хэрэглэгчдийн хооронд өр төлбөрийн талаар хийсэн 315 мянга гаруй утасны ярианы бичлэг илэрсэн байна. AI агент иргэдтэй өрийн хуваарь тохиролцохдоо хувийн санхүүгийн маш нарийн тоо баримтыг цуглуулж байсан нь ийнхүү гуравдагч этгээдийн гарт орох эрсдэл үүсгэжээ.
Автоматжуулалтын ард нуугдсан эрсдэл
Байгууллагууд зардлаа хэмнэхийн тулд харилцагчийн үйлчилгээ болон санхүүгийн харилцаанд AI системүүдийг өргөнөөр нэвтрүүлж буй. Гэвч хиймэл оюуны боловсруулж буй их хэмжээний эмзэг өгөгдлийг хамгаалах тал дээр хангалттай анхаарахгүй байгаа нь цаашид иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчих үндэс болж буйг мэргэжилтнүүд сануулж байна.




