Бээжин хотод зохион байгуулагдсан Douyin Wonderful Night үдшийн тоглолтын үеэр ByteDance компани өөрсдийн нууцлал дор хөгжүүлж буй бодит цагийн World Model (ертөнцийн симуляцын загвар)-аа анх удаа олон нийтэд харууллаа. Хэдийгээр уг загварт албан ёсны худалдааны нэр болон нээлтийн тов зарлаагүй байгаа ч тайзны LED дэлгэц дээр бодитоор ажиллуулсан туршилтууд нь өнөөгийн хиймэл оюуны видео болон 3D ертөнцийн технологи хаашаа чиглэж буйг тодорхой харуулж байна.
Өнөөдрийг хүртэл танилцуулагдсан ихэнх World Model системүүд нь хэрэглэгч гарын WASD товчлуураар урагш, хойш алхах төдий хязгаарлагдмал хөдөлгөөнтэй бөгөөд 60 секундийн дотор орчны геометр нь эвдэрч сарнидаг (decoherence) сул талтай байсан. Тэгвэл ByteDance-ийн шинэ систем нь хулгана болон гарын бүрэн 3D удирдлага (mouse-and-keyboard control) дэмждэгээрээ ялгарч байна.
Түүнчлэн хэрэглэгч симуляц явагдаж байх явцад текст тушаал (prompt) өгч ертөнц дотор шинэ объект үүсгэхэд орчин дахь дүр түүнтэй шууд харилцаанд ордог. Жишээлбэл, туршилтын үеэр орчинд аварга том халбага үүсгэхэд дүр тэр даруй халбага руу авирч буй физик болон орон зайн харилцан үйлчлэлийг бодит цагт тооцоолон харуулсан юм.
Үзүүлбэрийн хамгийн онцлох хэсэг нь Хонконгийн алдарт найруулагч, жүжигчин Stephen Chow-ийн King of Comedy киноны сонгодог хэсгийг хиймэл оюунаар дахин зурагласан туршилт байлаа. Stephen Chow саяхан ByteDance компанитай хиймэл оюуны видео технологийн чиглэлээр албан ёсны лицензийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд уг киноны эх дүрсийг ашиглажээ.
Систем нь анхны 2D киноны орчны нарийвчлал болон жүжигчдийн тоглолтыг 3D орон зайд сэргээн (Gaussian Splatting болон гурван түвшний орчны хавтгай буюу environment planes ашиглан) задлаад, хэрэглэгчийн зурсан ганц камерын замаар (drawn camera path) уг үзэгдлийг 12 өөр камерын байрлал, өнцгөөс шинээр зураглан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт зураг авалт нь дууссан киноны жүжиглэлтийг хэвээр хадгалж, камерыг хүссэн траектороор тойруулан хөдөлгөх боломж нээгдэж байна.
Bloomberg агентлагийн мэдээлснээр ByteDance нь энэхүү бодит цагийн World Model загвараа зөвхөн Douyin платформ төдийгүй өөрсдийн виртуал бодит байдлын Pico экосистемд зориулан хөгжүүлж байна. Тус компанийн Apple Vision Pro-той өрсөлдөхүйц Pico Space Pro төхөөрөмжийн нээлт 2026 оны 4-р улирал хүртэл хойшлоод байгаа бөгөөд урьдчилсан мэдээллээр 2,400–2,600 ам.долларын үнэтэй (Apple Vision Pro-ийн 3,699 ам.доллараас даруй мянга гаруй доллараар хямд) гарах төлөвтэй байна.
Дүгнэлт: Видео үүсгэлт (Seedance), 3D модель үүсгэлт болон бодит цагийн World Model гэсэн гурван тусдаа салбар нэг цэгт огтлолцож эхэллээ. 2027 он гэхэд уламжлалт 2D видео генераторууд болон 3D тоглоомын хөдөлгүүрүүдийн зааг арилж, найруулагчид болон VR хэрэглэгчид нэгдсэн 3D орон зайд кино, контентыг бодит цагт удирдан бүтээдэг болох нь тодорхой байна.




