Хиймэл оюуны ертөнцийн хамгийн том үзэл бодлын тулаан шинэ шатанд гарлаа. Fortune сэтгүүл болон Google News-ээр цацагдсан онцгой ярилцлагадаа Тьюрингийн шагналт, Meta компанийн ахлах эрдэмтэн Янн ЛеКун (Yann LeCun) хиймэл оюунаас болж хүн төрөлхтөн мөхөх тухай сэрэмжлүүлэг цацаж буй Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодейг "Бодит байдлаас тасарсан, кибер аюулгүй байдлыг огт ойлгодоггүй дэмийрэл ярьж байна" хэмээн мэдэгдэв.

ЛеКун ярилцлагадаа хаалттай лабораториуд (OpenAI, Anthropic) яагаад хиймэл оюуны эрсдэлийг хэт дөвийлгөж байгааг тайлбарлахдаа: "Тэд засгийн газруудаар зөвхөн лицензтэй хэдхэн компани л AI загвар сургах эрхтэй гэсэн хууль гаргуулахыг хүсэж байна. Энэ бол нээлттэй эхийн (Open Source) судалгааг боомилж, Цахиурын хөндийн хэдхэн монополын гарт дэлхийн оюуныг атгуулах заль мэх юм" гэжээ.

"Интернет яагаад өнөөдөр найдвартай ажилладаг вэ? Учир нь Linux, Apache, OpenSSL зэрэг нээлттэй эхийн технологиуд дээр суурилдаг. Кибер аюулгүй байдал нууцлалд биш, дэлхийн сая сая инженерүүдийн нээлттэй шалгалтад оршдог. AI ч яг үүнтэй адил замаар явах ёстой." — Янн ЛеКун

Мөн тэрээр хиймэл оюунаас болж бүх ажлын байр устаж, залуус ирээдүйгүй болно гэж сурталчилж буй гүйцэтгэх захирлуудыг буруутгаж, "Хиймэл оюун нь шинэ мэргэжлүүдийг үүсгэж, хүний бүтээмжийг 10 дахин нэмэгдүүлнэ үү гэхээс хүнийг орлохгүй" хэмээн байр сууриа хамгааллаа.