Өнөөгийн хиймэл оюуны видео болон зургийн загварууд харагдах байдлын хувьд гайхалтай түвшинд хүрсэн ч мэргэжлийн кино болон пост-продакшны салбарт нэг том саад хэвээр байсан юм. Тэр нь ихэнх AI генераторууд зөвхөн 8-битийн шахагдсан (lossy) MP4 болон JPEG формат гаргадаг явдал бөгөөд ийм файлыг мэргэжлийн түвшинд өнгө шүүх (color grading), дэвсгэрээс нь салгах (keying) эсвэл том дэлгэцэд зориулж томруулахад чанар нь шууд эвдэрдэг.

Тэгвэл Lightricks компани өөрсдийн локал орчинд ажилладаг LTX-2.5 нээлттэй жинтэй (open-weights) загвартаа энэхүү асуудлыг цогцоор нь шийдсэн пост-продакшны багцыг гаргалаа.

Alpha Gen хэрэгсэл нь хиймэл оюунаар үүсгэсэн эсвэл бодит камераар авсан ямар ч дүрс бичлэгийг хүлээн авч, кадр тус бүрээр нь нарийвчилсан Alpha Matte (тунгалаг маск) гаргаж өгдөг. Үсний нарийн ширхэг, утаа, гал, хөдөлгөөний сарнилт (motion blur) болон шилний тунгалаг ирмэгүүдийг зөөлөн уусгалттайгаар шууд ялгаж чаддаг тул олон цаг зарцуулдаг гар контур ялгах (rotoscoping) ажлыг бүрэн хөнгөвчилж байна.

Өнгө засалтын чиглэлд хоёр чухал шинэчлэл оржээ:

  • SDR to HDR: Энгийн 8-битийн бичлэгийг 16-битийн EXR scene-linear формат руу өргөтгөж, сүүдэр болон гэрэлтэй хэсгийн бодит динамик хүрээг сэргээн өнгөний гуйвалт, шахалтын согогийг арилгана.
  • Native HDR (16-bit in / 16-bit out): Анхнаасаа 16-битийн HDR бичлэгийг өнгөний мэдээллийг нь хавтгайруулж алдалгүйгээр шууд засварлах боломж олгодог. Энэ нь өдрийн зураг авалтыг шөнө болгох (day-to-night inpainting) болон илүүдэл объект арилгах (clean plates) ажилд нэн тохиромжтой.

Ердийн upscaler хэрэгслүүд дүрсийг томруулах үед зураг зөөлөрч бүрсийдэг бол LTX-2.5-ийн Native Resolution + Refine горим нь дүрсийг шууд хүлээлгэн өгөх 4K эсвэл 8K хэмжээс дээр боловсруулж, дээр нь нарийн бүтцийг дахин сэргээж (rebuild) зурдаг. Бүх загварын жин Hugging Face дээр нээлттэй тавигдсан бөгөөд ComfyUI ажлын урсгал болон ямар ч тохиргоо шаардахгүй LTX Desktop программаар өөрийн компьютер дээр үнэгүй ажиллуулах боломжтой.