Энэ оны эхээр OpenAI компани тооцооллын нөөц болон инженерийн хүчээ Dots зэрэг байгууллагын бие даасан агент системүүд рүү төвлөрүүлэхийн тулд Sora видео үүсгэгч төслөө зогсоох шийдвэр гаргасан билээ. Одоогоор Sora-ийн вебсайт дээр хэрэглэгчид хуучин үүсгэсэн файлуудаа татаж авах боломжтой ч шинээр видео үүсгэх бүх товчлуур идэвхгүй болсон төлөвтэй байгаа юм.
Sora төслийг зогсоосны дараа уг судалгааны багийг ахалж байсан Bill Peebles OpenAI компаниас чимээгүйхэн гарсан юм. Тэгвэл The Information сэтгүүлийн нийтэлсэн тайлангаар Bill Peebles нь домогт продюсер, DreamWorks Animation-ийн тэргүүн асан Jeffrey Katzenberg болон Dropbox компанийн санхүү хариуцсан захирал (CFO) асан Sujay Jaswa нартай хамтран шинэ Stealth Startup байгуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр OpenAI нь уг стартапт Sora загварын үндсэн архитектур, сургасан жин (model weights) болон технологийн гүнзгий хандалтыг олгож, хариуд нь шинэ компанийн хувьцааны багцыг (equity stake) эзэмших хэлэлцээ хийж байна.
Хэдийгээр талууд эцсийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд нээлтийн хугацаа тодорхойгүй байгаа ч энэ удаагийн Sora-ийн эргэн ирэлт нь өмнөх шигээ нийт хэрэглэгчдэд зориулсан олон нийтийн сүлжээ маягийн платформ байхгүй аж. Jeffrey Katzenberg-ийн оролцооноос харахад шинэ компани нь мэргэжлийн кино үйлдвэрлэл болон томоохон кино студиүдэд тусгайлан зориулсан нарийн мэргэжлийн (B2B) видео продакшны систем хэлбэрээр хөгжих чиглэл барьж байна.
OpenAI-ийн хувьд асар их GPU тооцоолол шаарддаг видео генераторыг өөрийн балансаас гаргаж, кино урлагийн туршлагатай удирдлагын багт лицензээр олгон хувьцаа эзэмших нь санхүүгийн эрсдэлийг бууруулах ухаалаг нүүдэл юм. Гэвч энгийн хэрэглэгчид болон бие даасан уран бүтээлчдийн хувьд Sora дахин нийтэд нээлттэй болох магадлал багасаж, харин томоохон кино студиүдийн дотоод хэрэгсэл болон хувирах төлөвтэй байна.




